О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна


Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гаргаж буй шийдвэр, дүгнэлтүүдтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхааралд байгаа. Энэ талаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт иргэний зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлсэн гэх үндэслэлээр ХЭҮК тухайн зургийг “биометрик мэдээлэл” гэж үзэн хэвлэл мэдээллийн байгууллагад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэхүү асуудалд холбогдуулан ХЭҮК-ыг хуулийн дагуу ажилласангүй гэх маргаан өрнөсөн. Та үүнтэй санал нэг байна уу?
-Энэхүү асуудалд санал нэг байна. ХЭҮК хуульд заасан хүний эрхийг хамгаалах, ард иргэдийн дуу хоолой болох үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Үүний нэг жишээ нь, “Зөв.мн” сайтад нийтийн албан тушаалтны олон нийтийн сүлжээнд байсан зургийг нийтэлснийг “Хувь хүний биометрик мэдээлэл учраас хүний эрхийн зөрчил” гэж үзсэн нь буруу. Энэ бол хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа хэрэг.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд агуулгын хувьд ийм зүйл байхгүй. Энэ асуудалд ХЭҮК-ын дарга нь “Үүнийг би хариуцахгүй, намайг байхгүй хойгуур ийм асуудал гарсан” гэж хандаж байгаа нь ч буруу. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бол нийгмийн дуу хоолой болж, эрх барьж байгаа албан тушаалтнаас асуулт асууж, шүүмжилдэг. Гэтэл гомдол гаргасан хүнийхээ эсрэг талд, ямар нэгэн албан тушаалтны талд орж шийдвэр гаргах нь байж болохгүй зүйл. Хуулийг гажуудуулж, хуулийн дагуу ажиллаагүй асуудал яах аргагүй хөндөгдөх нь зүй ёсны хэрэг.
-ХЭҮК хүний эрхийн зөрчлийг тогтоосон хэрнээ түүнийгээ арилгуулах чиглэлээр дорвитой ажилладаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд ийм асуудалтай тулгарч байсан тохиолдол бий юу?
-Миний хувьд өмгөөлөгчөөр ажилладаг учраас ХЭҮК-ын ажил үүрэг, шийдвэртэй холбоотой нэгэн кейс яримаар байна. Нэг үйлчлүүлэгч маань автомашиныхаа сэлбэгийг баталгаат хуудастайгаар худалдан авсан боловч тухайн хугацаандаа эвдэрсэн учраас очиж бухимдлаа илэрхийлсэн байдаг. Тухайн үед эргэн тойрных нь хүмүүс цагдаад дуудлага өгсөн юм билээ. Ингээд лангууны худалдагч болон худалдаж авсан хоёр хүнд Зөрчлийн хэрэг үүсгээд, Хялбар ажиллагааны шүүх рүү оруулсан. Гэвч Хялбар ажиллагааны шүүх рүү ороход хэд хэдэн хууль зөрчигдсөн байдаг. Тухайлбал, өмгөөлөгч авах эрхээр нь хангахгүйгээр хурал хийсэн. Ингээд манай үйлчлүүлэгчид долоо хоног баривчлах шийтгэл шүүхээс ногдуулсан. Үйлчлүүлэгч маань над руу ярихдаа "Би уг нь торгуулна гэж бодож байсан ч намайг баривчлахаар болчихлоо, энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас давж заалдмаар байна" гэсэн.
Харамсалтай нь Хялбар ажиллагааны шүүх тэр өдөртөө шийдвэрээ амаараа гаргаад, ачаад аваад явсан. Цагдан хорих байранд суучихаад гарч ирсний дараа шүүхийн шийдвэр бичгээр гарч байж давж заалддаг. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил. Ингээд миний хувьд Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, давж заалдах, гомдол гаргах, шударга шүүлгэх эрх зөрчигдөж байна гээд тухайн үед ХЭҮК-т гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу ХЭҮК газар дээр нь очиж үзээд, "Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил байна. Зөвхөн танай үйлчлүүлэгч гэлтгүй он гарснаас хойш 200 орчим хүнийг давж заалдах эрхээр нь хангаагүй байна" гэдэг дүгнэлт гаргасан. Гэвч үүнийхээ араас ямар ч арга хэмжээ аваагүй. Тайландаа нэг өгүүлбэр байдлаар бичээд өнгөрсөн. Уг нь ХЭҮК хуулиараа маш том эрхтэй байгууллага. Хууль тогтоох байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хүргүүлэх эрхтэй. Шаардлагатай гэвэл олон улсын байгууллагад хүртэл хандах эрхтэй. Шүүхээр орж байгаа хүмүүсийн давж заалдах эрхийг нь хангахгүй маш олон тохиолдол гарч байхад ажиллах ёстой байтал огт ажиллагаагүй. Өнөөдөр хүртэл Хялбар ажиллагааны шүүх дээр давж заалдах болон гомдол гаргах эрхээ эдэлж чадахгүй маш олон хүн байгаа. Энэ тал дээр ХЭҮК огт ажиллахгүй байгаа гэж хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд үздэг.
-ШЕЗ-ийн удирдах албан тушаалтны ажлын байрны бэлгийн дарамтын талаар тухайн байгууллагын ажилтны гомдлыг "Ажлын байрны найрсаг харилцаа" гэж ХЭҮК дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтэд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан л даа?
-Ер нь хүний эрхийн зөрчил хаа сайгүй байгаа. Энэ бүр дээр тусгай эрхтэй байгууллага болох ХЭҮК газар дээр нь очоод, өргөдөл гомдол гаргасан хүмүүстэй нь тусгайлан ярилцлага хийгээд, дүгнэлт гаргах ёстой. Гэхдээ зөвхөн дүгнэлт гаргаад зогсдоггүй байх ёстой. Үүнийг өөрчлөх, сайжруулах, зөрчил гаргахгүй байх талаас нь ХЭҮК ажиллах ёстой байтал өнөөдөр тодорхой, бодитой өөрчлөлт харагдахгүй байна. Миний хувьд энэ тал дээр маш шүүмжлэлтэй ханддаг. Төсөв мөнгөтэй, өөрийн гэсэн ажлын албатай тусгай байгууллага хэрнээ байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Хуульч, өмгөөлөгчдөөс асуувал, шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөхтэй холбоотой маш олон асуудал гардаг. Тухайлбал, орон сууцны залиланд өртсөн хүмүүс шүүхэд гомдол гаргаад, хуулиараа 60 хоногийн дотор шийдүүлэх ёстой. Гэтэл 60 хоногтоо шийдэгддэггүй, 2-3 жил болж байгаа хүмүүс зөндөө байдаг. Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, өмч хөрөнгөө хамгаалуулах, эрхээ сэргээлгэх үйл явц эцсийн дүндээ ХЭҮК-той л холбоотой. Шүүх, цагдаа, прокурор зэрэг бие даасан байгууллагуудын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалж байна уу, эсвэл эсрэгээрээ хүний эрхийг хохироож байна уу гэдэгт ХЭҮК ажиллаад, тодорхой үр дүн гаргах хэрэгтэй байна.
-Тэгвэл ХЭҮК хуульд заасан үүргийнхээ хувьд хүний эрхийг зөрчсөн, хуулийн дагуу ажиллаагүйдээ ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Хүний эрх, эрх чөлөө бол 1992 оны Үндсэн хуулиар бидний олж авсан хамгийн үнэт зүйл. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, шударга шүүхээр шүүлгэх гэх мэт эрхэд хөндлөнгийн хараат бус, хяналт шалгалт хийдэг, хамгийн гол нь араас нь арга хэмжээ авах ёстой газар бол ХЭҮК. Түүнээс биш ХЭҮК-оос дүгнэлт, хэдэн хуудас тайлан өгөөд, нөгөө асуудлууд нь байдгаараа байгаад байвал энэ байгууллагын үйл ажиллагааг "муу" л гэж дүгнэнэ. ХЭҮК-ын гишүүдийг УИХ-ын сонсголын журмаар томилж, байгууллагын үйл ажиллагаанд парламент хяналт тавих ёстой. Тиймээс үйл ажиллагааны үр дүн, хариуцлагын асуудал цаашид УИХ-ын түвшинд яригдах байх. Мөн олон нийтийн зүгээс ч ХЭҮК-т тийм ч сайн үнэлэлт дүгнэлт өгөхгүй болов уу. Хэрэв хүний эрхийн зөрчил хэвээр үргэлжилсээр байвал тус байгууллагын үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өгөхөд хүндрэлтэй.
 
Г.БАЛГАРМАА
Өдрийн сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан