Сэрэмжлүүлэг: Нийт нутгийн 87.8 хувь нь зудын эрсдэлтэй байна


Монгол Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхэд нийт 330 сумын 87.8 хувь буюу 290 сум дундаас дээш түвшний эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Энэ нь улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.
Тодруулбал, зудын эрсдэлийн үнэлгээгээр найман сум маш их, 35 сум их, 247 сум дунд, 40 сум бага эрсдэлтэй гэж ангилагджээ.
Үүнээс харахад нийт сумдын дийлэнх хэсэг нь ямар нэг хэмжээгээр зудын эрсдэлд өртөх магадлалтай байна. Аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцож үзэхэд Баян-Өлгий, Хөвсгөл аймаг тус бүр 7 оноо, Говьсүмбэр аймаг 7.2 онооны үзүүлэлттэй гарч, их буюу улбар шар түвшинд үнэлэгджээ. Харин Хэнтий аймаг 1.47, Орхон аймаг 1.48 оноогоор бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна. Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу шар түвшинд үнэлэгдсэн байна.
Үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй ангилалд дараах сумд багтжээ. Үүнд:

    • Баян-Өлгий аймгийн Алтай сум

    • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум

    • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум

    • Баян-Өлгий аймгийн Өлгий сум

    • Баян-Өлгий аймгийн Буянт сум

    • Баян-Өлгий аймгийн Сагсай сум

    • Баян-Өлгий аймгийн Улаанхус сум

    • Завхан аймгийн Тэс сум
Маш өндөр эрсдэлтэй найман сумын долоо нь Баян-Өлгий аймагт, нэг нь Завхан аймагт байна. Зудын эрсдэлийн үнэлгээ нь малчид, орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэлээ хангах, малын тэжээл, өвс нөөцлөх, отор нүүдлийг зохицуулах, эрсдэлтэй бүс нутагт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад чиглүүлэх чухал үзүүлэлт юм. Тиймээс эрсдэл өндөртэй сумдын хувьд мал сүргийн тарга хүч, бэлчээрийн даац, өвс тэжээлийн нөөц болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан